Шилэн дансны нэгдсэн систем
Захиалагч: Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газар
Хэрэгжүүлсэн он: 2014

Шилэн дансны хууль батлагдсантай холбогдуулан улс, орон нутгийн төсөв, улсын болон орон нутгийн өмчийн хөрөнгийг үр ашигтай захиран зарцуулах, төсөвт байгууллагуудын үйл ажиллагаа, төсвийн зарцуулалтанд хяналт тавих боломжийг олон нийтэд олгох үүднээс Шилэн дансны нэгдсэн цахим хуудсыг богино хугацаанд боловсруулж ашиглалтанд оруулах шаардлага тулгарсан болно. 

Шилэн дансны цахим хуудсанд төрийн харъяат байгууллагуудын төсөв, санхүүгийн үйл ажиллагааны төлөвлөлт, гүйцэтгэл, хэрэгжилт, тайлагнал, эдгээртэй холбоотой мөнгөн болон бусад гүйлгээний мэдээллүүдийг иргэдэд нээлттэйгээр харуулах портал систем болон эдгээр мэдээллүүдийг Шилэн дансны цахим хуудсанд тавигдах мэдээллийн агуулга, нийтлэг стандартыг тогтоох тухай журам болон журмын 19 хавсралтын дагуу оруулах системүүдийг боловсруулсан.

Дараах байгууллагуудыг системд бүртгэж журмын 19 хавсралт маягтаас тухайн байгууллагад хамаарах мэдээллүүдийг гараар шивж оруулах боломжтой болгосон.Үүнд:

  • Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд
  • Төрийн өмчит үйлдвэрийн газар
  • Хяналтын багц буюу түүнээс дээш хэмжээний хувьцааг нь төр, орон нутаг болон тэдгээрийн нэгдмэл сонирхолтой этгээд эзэмшиж байгаа компани
  • Улс, орон нутгийн төсвийн хөрөнгөөр хөрөнгө оруулалт, төсөл, хөтөлбөр, арга хэмжээ, ажил, үйлчилгээ гүйцэтгэж байгаа аж ахуйн нэгж, байгууллага
  • Төрийн чиг үүрэгт хамаарах ажил, үйлчилгээг хууль тогтоомж, гэрээний үндсэн дээр гүйцэтгэгч.

Шилэн дансны тухай хуулийн дагуу 56 төсвийн ерөнхийлөн захирагчийн 5172 төсвийн байгууллага, 271 орон нутгийн өмчит үйлдвэрийн газар, 79 төрийн өмчит хувьцаат компани болон төрийн үйлдвэрийн газар, төрийн чиг үүрэгт хамаарах ажил, үйлчилгээг хууль тогтоомж, гэрээний үндсэн дээр гүйцэтгэгч болон улс орон нутгийн төсвийн хөрөнгөөр үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа 569 аж ахуйн нэгж, байгууллагууд мэдээллээ өөрийн цахим хуудсаар болон нэгдсэн цахим хуудас, мэдээллийн самбараар нийтэд мэдээлэн ажиллаж байна.

2015 оны 11 сарын байдлаар хуульд заасан 37 төрлийн 229,279 мэдээллийг олон нийтэд мэдээлж байна. Тухайлбал, Монгол Улсын 2016 оны нэгдсэн төсвийн төсөл, 2015 оны төсвийн тодотголын төсөл, сар бүрийн төсвийн гүйцэтгэл, улирал бүрийн макро эдийн засгийн үзүүлэлт, Засгийн газрын дотоодын өрийн 3,720.6 тэрбум төгрөг, гадаад өр 10,192.0 тэрбум төгрөгийн болон үнэт цаасны талаарх мэдээлэл, цалингийн зардлаас бусад 5 сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий зарлагын 4.300,9 тэрбум төгрөгийн мэдээлэл, тендер шалгаруулалтын 9,362 мэдээлэл, хөрөнгө оруулалт, бараа, ажил үйлчилгээ, нийлүүлэгчийн талаарх 2.485.5 тэрбум төгрөгийн санхүүжилтийн мэдээлэл, байгууллагын өмч хөрөнгө, мөнгө зарцуулах, өр авлага үүсгэсэн шийдвэрийн 30,985 мэдээлэл болон хуулиар заагдсан бусад мэдээллүүд байна.

Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтэд иргэд бас хяналт тавьж байна. Шилэн дансны нэгдсэн цахим хуудсанд нийт 166,879 хэрэглэгч 446,221 удаагийн хандалт хийж, давхардсан тоогоор 2.1 сая мэдээллийг хүлээн авсан байна.

Төрийн мөнгөнд хяналт тавих иргэдийн оролцоог нэмэгдүүлснээр төсвийн үрэлгэн байдлыг арилгах боломж бүрдэнэ. Анхаарал татсан нэг жишээ дурдахад нийслэл, дүүргийн хэмжээнд Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нарт олгож байгаа олон арван сая төгрөгийн урамшуулал иргэдийн хатуу шүүмжлэлд өртөж байна. Иргэдийн төлөөлөгчөөр ажиллана гэдэг цалин, урамшуулалтай ажил биш учраас энэ улирлаас эхлэн дээрх урамшууллыг зогсоох хэрэгтэйг УИХ дарга дурдсан. Цаашлаад ирэх оны долдугаар сарын 1-нээс “Шилэн данс”-ны тухай хууль бүрэн утгаараа хэрэгжиж, хяналтын тогтолцоо сайжрахын хэрээр төрийн албан хаагчид, төсөв захиран зарцуулагчдад хариуцлага тооцдог болох юм. Иргэдийн төрд итгэх итгэл нэмэгдэнэ.