Төрийн албаны сонгон шалгаруулалтын Онлайн тестийн систем
Захиалагч: Төрийн албаны зөвлөл
Хэрэгжүүлсэн он: 2011

НҮБ-ын Монгол улсад шударга ёс, ил тод байдлыг бэхжүүлэхийг дэмжих төслийн хүрээнд Монгол улсын Төрийн албаны зөвлөлөөс (ТАЗ) зохион байгуулдаг төрийн албанд анх орох иргэний мэргэшлийн сорилын шалгалт, удирдах ажилтны сонгон шалгаруулалтын шалгалтыг онлайн хэлбэрээр авах системийг програм хангамжийн түвшинд хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн билээ.

Энэхүү системийг хэрэгжүүлснээр төрийн албаны албаны сонгон шалгаруулалт нээлттэй, ил тод, шударга явагдах боломж бүрдэж байгаа бөгөөд цаг хугацаа, хүн хүч ихээр шаардсан, гар ажиллагаа ихтэй уламжлалт нөхцөл байдал халагдаж байгаа юм. Ийнхүү програм хангамж ашиглан шалгалт авах процессыг автоматжуулж, үр дүнг шууд интернетээр мэдээлэх, нөөцийн системийг бий болгож уялдуулах, ТАЗ-ийн ХНУМС (хүний нөөцийн удирдлагын мэдээллийн систем)-тэй уялдуулах боломж бий болж байгаа юм.

Төрийн албаны зөвлөл(ТАЗ)-н Төрийн албанд орох хүсэлтэй иргэдээс тодорхой ажлын байран дээр орон тооны дагуу ажилтан шалгаруулж авах үйл ажиллагаа бүхий Онлайн тестийн системийн төслөөр дараах боломжууд бүрдэж байгаа болно.

Үүнд:

  • Ажлын байрны зар оруулах: Ажлын байрны зарыг Төрийн албадаас ирүүлсэн шаардлагын дагуу ТАЗ-с оруулж өгөх ба нэг зарын хувьд хэдэн ч ажлын байр зарлагдсан байж болно гэж тооцно.  
  • Тестийн сан бүрдүүлэх: Тестийн санг байнга бүрдүүлэх боломжтой байх бөгөөд энэхүү тестийн санд тестүүдийг оруулахдаа гар аргаар буюу шивэх буюу өөр файлаас хуулж оруулах боломжтой байхаас гадна мөн тодорхой формат бүхий файлаар автоматаар уншиж мэдээлэл оруулах боломжтой байхаар хийнэ.  
  • Онлайн бүртгэл хийх: Төрийн удирдах болон гүйцэтгэх албан тушаалд орох хүсэлтэй байгаа иргэдийг Маягт-1-н дагуу онлайнаар бүртгэх бөгөөд тухайн хүний мэдээлэл Бүрдэл хөдөлгөөний системд байвал тухайн иргэний мэдээлэл автоматаар бөглөгдөж гарч ирдэг байна. Хэрэв байхгүй бол шинээр бүртгүүлдэг байхаар хийнэ.
  • Шалгалтын хуваарийг мэдээлэх: Тухайн иргэн төрийн албаны шалгалтанд орох хүсэлтэй байгаагаа илэрхийлж өөрийн мэдээллийг бүртгүүлсэн бол түүний мэйл хаяг болон гар утсанд шалгалт болох огноо, байр, системд нэвтрэх эрх, бүртгэлийн дугаар зэрэг мэдээллийг хүргүүлдэг байна.
  • Тестийг сонгож авах: Шалгалт эхлэхээс өмнө Тестийн сангаас шалгалтанд хэрэглэгдэх тестүүдийг автоматаар сэлгэн вариантын тоогоор сонгож авна. Вариантуудын хувьд тухайн тест давхцахгүй байхаар сонголтыг хийнэ. Тухайн тестийг сонгохдоо тестийн төрөл болон бүлгээс сонгогдох тестийн тоог зааж өгөх ба түүний дагуу систем автоматаар сонголтыг хийдэг байна.
  • Шалгалт авах: Шалгалтын хугацаа болоход хуваарийн дагуу иргэн шалгалтын байран дээр хүрэлцэн ирнэ. Энд системд бүртгүүлсэн мэдээлэлтэй тулгаж дахин бүртгэл хийнэ. Шалгалтын байран дээр бэлдсэн компьютер дээр сууж системд нэвтрэх хэрэглэгчийн нэр болон нууц үгийг оруулж системд нэвтэрнэ. Шалгалт авах цаг болоход багшийн өгсөн командаар шалгалтын тестүүд дэлгэцэн дээр харагдана. Хугацаа тоолж эхэлмэгц тестийг бөглөж эхэлнэ. Цаг дуусмагц систем автоматаар хаагдаж шалгалтыг дуусгана.
  • Шалгалтын үр дүнг тооцоолох, мэдээллэх: Тухайн иргэний нийт тестийн хувьд хэдийг зөв хийсэн болох талаарх мэдээллийг шалгалт дуусснаас хойш тодорхой хугацааны дотор дэлгэцэн дээр харуулна. Энэхүү мэдээллийг мэйл хаяг болон утас руу мөн мэдээллэнэ. Бусад шалгалтуудын дүнг системд оруулж өгснөөр төрийн албан хаагчийн шалгалтын нэгдсэн дүн гарах бөгөөд энэхүү мэдээг мөн мэдээллийн хэрэгсэл, вэб сайт, утас, мэйлээр мэдэгдэнэ.
  • Нөөцөд бүртгэх: Шалгалтын нэгдсэн дүнгээр тэнцсэн иргэдийн мэдээлэл автоматаар нөөцийн системд шилжинэ. Нөөцийн системээс гадна ХНУМС, ИБМУТ, ЦЕГ, Банкны системүүдтэй мөн холбогдож ажиллах боломжтой байна.
  • Иргэд шалгалтад бүртгүүлэх гэж анкет цаасан дээр бөглөн шалгалтын комисс руу биеэр ирэх шаардлагагүй, хугацаандаа амжиж хаанаас ч, хоногийн хэдэн цагт ч интернэт ашиглан бүртгүүлэх боломжтой болсон.
  • Нийт бүртгүүлсэн иргэдэд бүртгэлийн код зэргийг улсын хэмжээнд нэгдсэн журмаар өгөх, шалгалтын үр дүнг эргээд тэр кодынхоо дагуу үнэн зөв гаргах зэрэг ажлыг гүйцэтгэхэд шалгалтын комисст хялбар байх болсон.
  • Сорилын шалгалтыг онлайн явуулснаар шалгалтын үр дүнг нь хүний оролцоо байхгүй, шалгуулагч дүнгээ хурдан мэдэх бололцоотой, шалгалтын комиссын хувьд хүн хүч, цаг хугацаа хэмнэдэг болсон.
  • Сорилын шалгалтаас бусад шалгалтын (баримт бичиг, ярилцлага зэрэг) оноог мөн онлайнаар шалгагч нар оруулснаар нэгдсэн үр дүнг шуурхай гаргах, ерөнхий шалгалтын процессыг хурдан бөгөөд алдаа багатай дуусгах бололцоог өгсөн.
  • Шалгалтад тэнцсэн иргэдийг нөөцийн мэдээллийн баазад  бүртгэх ажиллагаа, түүний нэгдсэн тайлан мэдээлэл гаргах нь мөн хурдан бөгөөд хялбар явагддаг болсон.

Энэхүү систем нь Монгол улсын Төрийн албаны зөвлөл(ТАЗ)-өөс зохион байгуулдаг төрийн албанд анх орох иргэний мэргэшлийн сорилын шалгалт, ур чадварын шалгалт, удирдах ажилтны сонгон шалгаруулалтын шалгалтыг онлайн хэлбэрээр авах боломжийг бүрдүүлж байгаа юм.

Сонгон шалгаруулалтыг уламжлалт аргаар, улсын хэмжээнд зохион байгуулахад хүн хүч, хөрөнгө мөнгө их зарцуулсан, цаг хугацаа их ордог нүсэр ажил байдаг байсан бөгөөд  эдгээр бэрхшээлээс ангижрахын тулд зар гаргах, бүртгэл хийх, шалгалт авах, дүнг гаргаж мэдээлэх, бусад системүүдтэй холбогдож мэдээлэл солилцох боломж бүхий онлайн шийдлийг хэрэгжүүлснээр дээрх хүндрэлүүд арилахаас гадна одоо авч байгаа тестийн үндсэн хэлбэрийг өргөжүүлж, ямар ч төрлийн тестийг системээр дамжуулан авч, тухайн шалгуулагчийн олон талын мэдлэгийг шалгах боломж нээгдэж байгаа нь Төрийн албаны сонгон шалгаруулалтын процесст гарч байгаа томоохон дэвшил юм.