Анхан шатны шүүхийн ажиллагааны мэдээллийн системАнхан шатны шүүхийн ажиллагааны мэдээллийн систем
Захиалагч: Улсын дээд шүүх
Хэрэгжүүлсэн он: 2011

GIZ-ийн санхүүжилт, Монгол Улсын Дээд Шүүхийн захиалгаар хэрэгжүүлсэн Анхан шатны шүүхэд иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны систем (АШШИХХШАС)-ийг нэвтрүүлснээр шүүхэд нэхэмжлэл болон хэрэг хүлээн авах, бүртгэх ажиллагааг хялбар шуурхай болгох, шүүгч, шүүгчийн туслах, нарийн бичгийн даргын ажил үүргийн хуваарь, мэдээлэл солилцоог сайжруулах, тайлан мэдээ гаргахад зарцуулдаг цаг хугацаа, хөдөлмөрийг багасгах, Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа (ХХША)-ны явцад гардаг процессын техник алдааг багасгах давуу талуудыг бүрдүүлж өгч байгаа юм. 

Энэхүү систем нь нэхэмжлэл, хэрэг,  гомдол, хүсэлт бүртгэх, шүүгчид хуваарилах, хэрэг үүсгэж, хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах, ажлын урсгалын дагуу шаардлагатай мэдээллүүдийг бүртгэх, шүүгчийн хэрэг шийдвэрлэлтийн явцыг хянах, удирдах, мэдээллэх боломжийг сайжруулан хангадаг.  

Систем нь ХХША явуулах үндсэн процессоос гадна уялдаа холбоо бүхий хэд хэдэн дэд системүүдээс тогтох бөгөөд үүнд, Мэйлинг систем, Тайлангийн систем, Алертинг систем, Хайлтын систем гэх зэрэг багтана.

Системийг ХХША-нд нэвтрүүлснээр мэдээлэл бүртгэх нэгдсэн урсгалтай болж, мэдээллийн давхардал, үргэдэл бүрэн арилснаар нэг талаасаа шүүхийн мэдээллийн аюулгүй байдал хангагдаж нөгөө талаасаа мэдээллийг үр өгөөжтэй, оновчтой байдлаар хэрэглэх үр ашигтай юм.

   1.   Нэхэмжлэл хүлээн авах, бүртгэх модуль (үндсэн модуль)

Мэдээлэл лавлагааны ажилтан шүүхэд ирсэн нэхэмжлэлийг хүлээн авч хурдан шуурхай бага хэмжээний мэдээллийг бүртгэх бөгөөд энэ үед нэхэмжлэлийг системээс автоматаар шүүгчид хуваарилна. Бүртгэгдсэн нэхэмжлэлийн мэдээлэл хуваарилагдсан шүүгч болон шүүгчийн туслахын эрхэн дээр гарч ирэх бөгөөд энэхүү мэдээллийг дэлгэрэнгүй хэлбэрээр бүртгэх, процессын дагуу ажиллагаа хийх эрх нь шүүгч болон шүүгчийн туслахад нээгдэнэ. Үүнд: Нэхэмжлэлийн дэлгэрэнгүй мэдээлэл бүртгэх, бүрдүүлбэр шалгах, улсын тэмдэгтийн хураамжийн мэдээлэл бүртгэх, мэдэгдэх хуудас гаргах, нэхэмжлэлийг гардуулах, хүсэлт, гомдол, нотлох баримт бүртгэх, хэрэг үүсгэх эсвэл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан захирамж гаргах, татгалзсан захирамжийг гардуулах гэх мэт ажиллагаанууд хамаарна.

   2.   Сөрөг нэхэмжлэл хүлээн авах модуль (үндсэн модуль)

Мэдээлэл лавлагааны ажилтан хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хүлээн авч хэрэгт нь харгалзуулан бүртгэж авна. Бүртгэгдсэн сөрөг нэхэмжлэл үндсэн хэрэг хуваарилагдсан шүүгч болон шүүгчийн туслахын эрхэн дээр гарч ирэх бөгөөд процессын дагуу сөрөг нэхэмжлэл дээр хийгдэх ажиллагаануудыг шүүгч болон шүүгчийн туслах хийх боломжтой болно.  Үүнд: Сөрөг нэхэмжлэлийг дэлгэрүүлэн бүртгэх, бүрдүүлбэр шалгах, улсын тэмдэгтийн хураамжийн мэдээлэл бүртгэх, мэдэгдэх хуудас гаргах, сөрөг нэхэмжлэлийг гардуулах, хүсэлт, гомдол, нотлох баримт бүртгэх, сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан захирамж гаргах, татгалзсан захирамжийг гардуулах гэх мэт ажиллагаанууд хамаарна.

   3.   ДЗШШ, ХШШ, УДШЕШ-д гомдол хүлээн авах (үндсэн модуль)

Анхан шатны шүүх дээр шийдвэрлэгдсэн аливаа хэргийн шийдвэрт аль нэг зохигч хуулийн хугацааны дотор гомдол гаргах эрхтэй бөгөөд энэхүү гомдлыг Мэдээлэл лавлагааны ажилтан хүлээн авч тус тус бүртгэнэ. Анхан шатны шүүхийн шийдвэрт гаргасан гомдлыг ДЗШШ-д, ДЗШШ-ийн шийдвэрт гаргасан гомдлыг ХШШ-д, ХШШ-ээс гаргасан шийдвэрт гаргасан гомдлыг УДШЕШ-д харгалзуулан бүртгэх бөгөөд процессын дагуу ажиллагаануудыг хийх боломжтой болно. Үүнд: Шүүгч болон шүүгчийн туслах нь Дээрх шатны шүүхүүдэд гаргасан гомдлын дэлгэрэнгүй мэдээллийг бүртгэх, улсын тэмдэгтийн хураамж шалгах, дээд шатны шүүхэд тухайн гомдлыг хүргүүлж, бүртгэл хийнэ. Харин дээд шатны шүүхээс ирүүлсэн шийдвэрийг Мэдээлэл лавлагааны ажилтан хүлээн авч бүртгэх бөгөөд үүний дараа тухайн магадлал болон тогтоолыг эсрэг талд танилцуулж баримт үйлдэх ажлыг шүүгч болон шүүгчийн туслах хийнэ. Дээд шатны шүүхээс гаргасан шийдвэрээс хамааран систем тухайн хэргийг дахин өөр шүүгчид хуваарилан дахин ажиллагааг явуулж болно.    

   4.   Гуравдагч этгээдийн бие даасан шаардлага (үндсэн модуль)

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гуравдагч этгээд бие даасан шаардлага гаргах боломжтой бөгөөд энэхүү шаардлагыг Мэдээлэл лавлагааны ажилтан хүлээн авч бүртгэнэ. Бүртгэгдсэн шаардлага үндсэн хэрэг хуваарилагдсан шүүгч болон шүүгчийн туслахын эрхэн дээр гарч ирэх бөгөөд гуравдагч этгээдийн бие даасан шаардлагад харгалзан процессын дагуу хийгдэх ажиллагаануудыг шүүгч болон шүүгчийн туслах хийх боломжтой болно.  Үүнд: Шаардлагыг дэлгэрүүлэн бүртгэх, бүрдүүлбэр шалгах, улсын тэмдэгтийн хураамжийн мэдээлэл бүртгэх, мэдэгдэх хуудас гаргах, шаардлагыг гардуулах, хүсэлт, гомдол, нотлох баримт бүртгэх, шаардлагыг  хүлээн авахаас татгалзсан захирамж гаргах, татгалзсан захирамжийг гардуулах гэх мэт ажиллагаанууд хамаарна.

   5.   Шинээр илэрсэн нөхцөл байдал (үндсэн модуль)

Анхан шатны шүүх дээр шийдвэрлэгдсэн хэрэгт тодорхой хугацааны дараа шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц нотлох баримт олдсон талаар хэргийн зохигч хүсэлт гаргасан тохиолдолд энэхүү хүсэлтийг Мэдээлэл лавлагааны ажилтан хүлээн авч бүртгэнэ. Бүртгэгдсэн хүсэлт өмнө нь тухайн хэргийг шийдвэрлэж байсан шүүгчээс өөр шүүгчид системээс автоматаар хуваарилагдах бөгөөд хуваарилагдсан шүүгч тухайн хүсэлтийг хангах эсэхийг шийдвэрлэх ба процессын дагуу дараах ажиллагаанууд хийгдэнэ. Үүнд: Шүүх хуралдааны тов зарлах, шүүх хуралдаан хийх, шүүх хуралдааны шийдвэр гаргах, хүсэлтийг шийдвэрлэх, эсвэл хүсэлтээсээ татгалзсан хүсэлт гаргах гэсэн ажиллагаанууд хамаарна. Тухайн хүсэлтийг шийдвэрлэсэн байдлаас хамааран систем тухайн хэргийг дахин өөр шүүгчид хуваарилан дахин ажиллагааг явуулж болно.

   6.   Өөр шүүхээс хэрэг хүлээн авах (үндсэн модуль)

Мэдээлэл лавлагааны ажилтан өөр шүүхээс шилжиж ирсэн хэргүүдийг системд хураангуй хэлбэрээр бүртгэнэ. Тухайн хэрэг хуваарийн дагуу системээс автоматаар шүүгчид хуваарилагдах бөгөөд энэ үед тухайн шүүгч болон шүүгчийн туслахын эрхээр орж хэргийн ажиллагаануудыг хийх боломжтой болох юм. Өөр шүүхээс хүлээж авсан хэргийн хувьд нэхэмжлэлээс хэрэг үүсгэхгүйгээр анх бүртгэгдэхдээ хэрэг үүссэн хэлбэрээр бүртгэгдэж байгаагаараа нэхэмжлэлээс үүссэн хэргээс ялгаатай боловч нэхэмжлэл болон хэрэг дээр хийгдэх ажиллагаанууд нь процессын дагуу адилхан хийгдэнэ.     

   7.   Хэргийн модуль (үндсэн модуль)

Шүүгч үндэслэлтэй гэж үзвэл нэхэмжлэл дээр хэрэг үүсгэж захирамж гаргана. Тухайн хэрэг үүссэн цагаас эхлэн хуулийн хугацаанд тухайн хэргийг шийдвэрлэх ёстой бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад заавал хийгдэх, хүсэлтээр хийгдэх, боломжит гэсэн ажиллагаануудыг хийх бөгөөд эдгээр нь эрх зүйн маргааны төрлөөс хамааран тухайн хэрэг дээр процессын дагуу янз бүр хийгдэнэ. Үүнд: хүсэлт, гомдол, нотлох баримт бүртгэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх, сэргээх, хугацааг сунгах, хэргийн материалтай танилцах, хэрэг харгалзуулан гэрч, шинжээч, гуравдагч этгээд бүртгэх, мэдэгдэх хуудас болон гүйцэтгэх хуудас гаргах, эрх үүрэг тайлбарлах, нэхэмжлэлийг гардуулах, шүүх хуралдаан хийх гэх зэрэг ажиллагаанууд хамаарна. Эдгээр ажиллагаануудыг хийгээд хэргийг шийдвэрлэх бөгөөд гарсан шийдвэрээс хамааран дараагийн шатны шүүхэд гомдол гаргах эсвэл тухайн хэргийг архивд шилжүүлэх үйл ажиллагаа хийгдэх боломжтой.    

   8.   Захирамж, шийдвэр, тогтоол, баримт гаргах модуль (дэд модуль)

Тухайн хэргийг эсвэл тухайн хэргийн аль нэг ажиллагааг шийдвэрлэхийн тулд шүүгч заавал захирамж, тогтоол, шийдвэр, баримтыг гаргана. Энэхүү модуль нь системийн бүхий л хэсэгтэй холбоотойгоор ажиллаж байгаа бөгөөд шүүгчид захирамж, тогтоол, шийдвэр, баримт гаргахад нь хялбар байх үүднээс өөртөө бэлэн загваруудыг багтааж, сонгосон баримтын дагуу тухайн хэргийн мэдээлэл автоматаар бөглөгдөн гарч ирдгээрээ давуу талыг бий болгодог.

   9.   Шүүгч болон шүүх бүрэлдэхүүн хуваарилах модуль (дэд модуль)

Шүүхэд ирсэн нэхэмжлэл, хэрэг, хүсэлт, гомдлыг системд бүртгэх үед шүүгч нарт давхардалгүйгээр автоматаар хуваарилах бөгөөд ингэснээр тухайн тухайн шүүхийн шүүгч нарын ачаалал жигд хуваарилагдахаас гадна тухайн нэхэмжлэл, хэрэг, хүсэлт, гомдлыг тухайн нэг шүүгчид оноож өгөх гэсэн ойлголт байхгүй болж байгаагаараа давуу юм.

   10.   Алертинг систем (дэд систем)

Алертинг системийн зорилго нь үндсэн систем дээр хийгдэж байгаа бүх төрлийн ажиллагааг мэдээллэх, сануулах явдал бөгөөд энэхүү систем нь мессенжер програмын адилаар хэрэглэгчийн компьютер дээр тусдаа програм болон ажилладаг. Энэхүү програм нь ажиллаж байх явцдаа систем дээр хийгдэж байгаа өдөр тутмын ажиллагаануудыг мэдээлэхээс гадна шүүгч болон шүүгчийн туслахад нэхэмжлэл хуваарилагдсан болохыг ч мөн мэдээллэнэ. Түүнээс гадна хуулийн хугацааг сануулах тусгай модультай тул хуулийн хугацаа дөхсөн, болсон, өнгөрсөн болохыг тохируулж өгсөн хугацаануудад сануулдаг юм. Энэхүү програмыг хэрэглэснээр шүүгч болон шүүгчийн туслахад хэргийн явцын талаарх бүхий л мэдээлэл цаг алдалгүй мэдээлэгдэх давуу талыг бий болгож байгаа юм.  

   11.   Мэйлинг болон мессежинг систем (дэд систем)

Хэргийн зохигч нарын мэйл хаяг болон гар утсыг системд бүртгэсэн тохиолдолд тэдгээр зохигч нарт шүүх хуралдааны товын мэдээллийг мэйлээр болон мессежээр мэдээллэх боломжтой бөгөөд ингэснээр заавал бичиг хүргэгч болон шуудангаар дамжуулахгүйгээр хурдан шуурхай мэдээллийг түгээх давуу талыг хангаж өгдөг. Мэйлинг болон мессежинг системийг зөвхөн шүүх хуралдааны товын мэдээллийг түгээхэд биш өөр төрлийн мэдээллүүдийг түгээхэд ч мөн ашиглах боломжтой. 

   12.   Тайлан, мэдээний систем (дэд систем)

Тайлангийн систем нь системд бүртгэсэн бодит өгөгдөлд тулгуурлан Анхан шатны шүүхийн нэгдсэн статистик тайлан, мэдээг үнэн зөв, хурдан шуурхай гаргахад чиглэгдсэн. Энэхүү системийг ашиглан жилийн, хагас жилийн, улирлын, тухайн сарын мэдээллүүдийг гаргах боломжтойгоос гадна тохируулж өгсөн эхлэх болон дуусах хугацааны дотор тайлангуудыг мөн гаргах боломжтой.  

Энэхүү систем нь анхан шатны шүүхийн үйл ажиллагааг удирдах, хянах процесстой гэдгээрээ бусад бүртгэлийн системүүдээс онцлогтой бөгөөд процесс бүхий энэхүү системийн ажиллагааны үндсэн зарчим нь хамаарал бүхий хэд хэдэн үйл ажиллагаануудын дараалал болон төлвүүдээс хамааран дараагийн үйл ажиллагааг удирдах, хянах боломжийг олгодгоороо технологийн шийдлийн хувьд шинэлэг, давуу талыг бий болгож чадсан.   

Мөн хэрэглэгчид хэрэглэхэд хялбар, ойлгомжтой байх үүднээс систем дээр хийгдсэн ажиллагаа болон хуулийн хугацааны санамжийг тухай бүр сануулж байх нэмэлт дэд системийг өөртөө агуулсан.

Шүүгч, шүүгчийн туслах, мэдээлэл лавлагааны ажилтны ажил үүргийн хуваарийг ангилах үүднээс ажлын урсгал болон тухайн цонхон дээр хийгдэх үйлдлүүдийг  хэрэглэгчийн эрхээр тохируулж өгөх боломжтой болсон.