Нээлттэй ажлын байр

ПРОЦЕСС ДИЗАЙНЕР

Цахим засгийн болон цахим бизнесийн шийдлийг олон улсын түвшинд боловсруулж хэрэгжүүлэхэд Таныг урьж байна. Дэлгэрэнгүй

БҮРТГЭЛИЙН МЭРГЭЖИЛТЭН

Цахим засгийн болон цахим бизнесийн шийдлийг олон улсын түвшинд боловсруулж хэрэгжүүлэхэд Таныг урьж байна. Дэлгэрэнгүй

Мэдээ & Үйл явдал

Хэрэгжүүлсэн төслүүд

Мэдээллийн технологи, програм хангамжийн Интерактив ХХК бизнесийн шинэ шийдлээ боловсруулан танилцуулах гэж байгаатай холбогдуулан компаний ерөнхий захирал Б. Ууганбаяртай ярилцлаа.12-сар 06, 2013     |     A+ | A-

 "ОРЧИН ҮЕИЙН БИЗНЕСИЙН УДИРДЛАГЫН ОНЛАЙН ERP ШИЙДЭЛ" Бизнесийн байгууллагууд програм хангамж, мэдээллийн системийг хэрхэн ашиглаж байна, хэрэгцээ шаардлага ямар түвшинд байна гэдгээс ярилцлагаа эхлэе.

Сүүлийн жилүүдэд эдийн засгийн өсөлт өндөр байснаар бизнесийн байгууллагууд хурдацтай хөгжиж, бизнесийн цар хүрээ, үйл ажиллагаа томрохын хирээр хяналтыг сайжруулах, оновчтой төлөвлөх, бизнес  процессыг боловсронгуй болгох, нөөцүүдийг оновчтой хуваарилах, салбарыг ашигтай ажиллуулах, оновчтой шийдвэр гаргах, бизнесийнхээ үнэн бодит дүр зургыг харж байх шаардлага чухлаар тавигдаж байна.Эдгээр хэрэгцээ шаардлагыг хангахын тулд байгууллагууд санхүү бүртгэлийн, агуулахын, борлуулалтын болон хүний нөөцийн гэх мэт төрөл бүрийн мэдээллийн систем, програм хангамжуудыг суурилуулан ашиглаж байна. Бизнесийн өсөлтийг хангахын тулд мэдээллийн технологийн давуу талыг ашиглах нь зүйн хэрэг боловч оновчтой ашиглаж байгаа байгууллагууд цөөн байна.

Бизнесийн байгууллагуудад мэдээллийн технологи ашиглахад ямар бэрхшээл тулгарч байгаа гэж та үзэж байна вэ?

Хэдийгээр мэдээллийн технологи, програм хангамжууд ашиглаад байгаа мэт боловч бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарын доголдол, процессын алдаа, цаг хугацааны алдагдал, хэлтэс, нэгж, албан тушаалтнуудын үл ойлголцол, үйл ажиллагааны болон мэдээллийн давхардал, үйлчилгээний хөшүүн байдал зэрэг дутагдлууд бизнесийн байгууллагуудад тулгарсаар байна. Эдгээр дутагдлууд цаашдаа удаан үргэлжилбэл байгууллагын өрсөлдөх чадварыг бууруулж, зах зээл дэх бизнесийн байр суурь, нэр хүндийг унагах өндөр эрсдлийг дагуулна.

Эдгээр асуудлуудыг тодорхой жишээгээр тайлбарлах уу? 

Олон жишээ дурдаж болно. Тэдгээрээс нийтлэг ажиглагдаж байгаа бэрхшээлүүдийг дурдахад:

  • Байгууллага доторх үүрэг даалгавар болон гүйцэтгэлийн удирдлага, төслийн удирдлага ихэвчлэн цаасан хэлбэрээр, аман байдлаар хэрэгждэг бөгөөд энэ төрлийн системийг бага ашигладаг
  • Байгууллагууд бизнесийн зорилго, үйл ажиллагаагаа технологийн архитектуртайгаа уялдуулан, оновчтой төлөвлөж чадахгүй байна. Жишээ нь, байгууллагын бүх хэрэгцээг хангасан дотоодын програм хангамжийн цогц шийдэл     байхгүй учраас байгууллага олон янзын шийдлүүд ашиглана, Тийм үед мастер өгөгдөл буюу Бэлтгэн нийлүүлэгчийн, Худалдан авагчийн, Бараа бүтээгдэхүүний, Зардлын, Ажилтнуудын, Төслүүдийн гэх мэт ангилал, кодчлолын бодлогыг төвлөрүүлэн удирдах нь чухал ач холбогдолтой. Ингэж төлөвлөөгүйгээс систем болгон өөртөө танай харилцагчдыг өөр өөрөөр бүртгэн хөтлөж, үүнээс улбаалаад тооцоо давхардах, зөрөх байдал нийтлэг.
  • Бизнесийн олон жилийн төрөл бүрийн мэдээлэл үүссэн боловч хэрэгтэй тайлан, статистик боловсруулах, бизнесийн үйл ажиллагаагаа олон талаас нь харах, үнэлэх, түүндээ үндэслэн шийдвэр гаргах боломж хомс байдаг
  • Програм хөгжүүлэгчид нь захиалагчийн хүсэлтийг системдээ түргэн тусгаж чадахгүй байх
  • Логик дараалал бүхий үйл явцыг бүрэн автоматжуулаагүйгээс дунд нь гар ажиллагаа орж, үүнээс хамаараад ажлын хугацаа хоцрох, чанар муудах зэрэг бэрхшээлүүд бизнесийн байгууллагууд дээр нийтлэг байгаа

Тэгэхээр эдгээр хүндрэл, бэрхшээлийн үндсэн  шалтгаануудыг та юу гэж харж байгаа вэ?

Дээрх хүндрэлүүд нь ихэвчлэн мэдээллийн технологийн архитектур төлөвлөлт, интеграцчлалыг бизнесийн бодлого, стратеги, зорилттойгоо зүй зохистой уялдуулж, төлөвлөж, нутагшуулж, ашиглаж чадаагүйгээс, мөн ач холбогдлыг дутуу үнэлэх эсвэл орхигдуулснаас шалтгаалж байна. Энэхүү дутагдал нь, байгууллагуудын удирдлагын түвшинд мэдээлэл, мэдээллийн технологи хариуцсан албан тушаалтан (CIO буюу Chief Information Officer) ховор байдагтай мөн холбоотой. Байгууллагын CIO бол тухайн байгууллагын бизнесийн үйл ажиллагаа болон технологийн шийдлүүдийг уялдуулан зохицуулах, бизнесийн өгөгдөл, мэдээлэл, тэдгээрийн урсгал, боловсруулалтын үйл ажиллагааг хариуцан шийдвэрлэдэг чухал албан тушаал юм. Нөгөө талаас, ашиглаж буй мэдээллийн систем, програм хангамжууд нь зөвхөн бүртгэл дээр суурилсан шинжтэй, өөр компаниудаар хийлгэсэн, тэдгээр системүүд нь хоорондоо хамтарч ажилладаггүй учраас бизнесийн хурдтай өөрчлөлтийг хэрэгжүүлэх, байгууллагыг нэгдмэл үйл ажиллагаа, удирдлагаар хангах боломжийг хязгаарлаж байна.

Тэгвэл эдгээр хүндрэл бэрхшээлийг даван туулах арга замууд юу байна гэж та бодож байна?

Орчин үед, ялангуяа гадны томоохон байгууллага, пүүс компаниуд мэдээллийн технологийг бизнесийнхээ стратегийн хэрэгсэл болгон ашиглаж байна. Зах зээлийн судалгаа, бүтээгдэхүүн үйлдвэрлэл, захиалга, борлуулалт гэх мэт бүхий л үе шатанд хийгдэх үйл ажиллагаа, бизнес процессыг мэдээлийн технологи, програм хангамж ашиглан хэрхэн хөнгөвчилж болох вэ, ямар техник, тоног төхөөрөмж, технологи ашиглавал илүү үр дүнтэй байх вэ гэдгээ төлөвлөдөг болсон.

Тиймээс  дээрх хүндрэлүүдийг амжилттай даван туулахын тулд:

  • Бизнесийн стратеги болон технологийн архитектурыг хамтад нь төлөвлөх
  • Үйл ажиллагаа, бизнес процессын анализ, ре-инженеринг хийх
  • Бизнес процессын хэрэгжилтийг хангах, хяналт тавих, сайжруулах
  • Бизнесийн өгөгдлүүдээ хөрөнгө гэж тооцох,бүртгэл үүсгэх, байгууллага өөрөө удирдах зэрэг асуудлуудыг цаг алдалгүй хэрэгжүүлж эхэлбэл хүндрэлийг даван туулах суурь алхамаа зөв хийлээ гэж үзэж болно. 

Эдгээр ажлыг эхлэхийн тулд бас л хүний нөөц, энэ чиглэлээрх туршлагын асуудлаас болоод байдал хэвээрээ үргэлжлэх магадлал өндөр байх болов уу. Тиймээс яах ёстой вэ?

Бизнесийн шинжээч, мэдээллийн технологийн туршлагатай мэргэжилтэнтэй байгууллагуудын хувьд дээрх ажлуудыг эхлүүлэх бол харьцангуй хялбархан. Интерактив компани сүүлийн жилүүдэд бизнес процессын ре-инженеринг, Enterprise системийн төлөвлөлт хийх чиглэлээр гадны нэр хүндтэй, туршлагатай компани, зөвлөхүүдтэй хамтран ажиллаж, туршлагажсан. Иймээс байгууллагуудтэй дээрх чиглэлүүдээр зөвлөх үйлчилгээ үзүүлж болно. Нэг анхаарах зүйл нь, манай тэргүүлэх цөөн компаниуд, инноваци болон ISO стандарт нэвтрүүлсэн байгууллагуудыг эс тооцвол, бизнесийн салбарт төслийн удирдлага (PMBOK), Бизнес анализ, бизнес процесс загварчлал, өөрчлөлтийн удирдлагын (Change management)  талаар нэгдсэн, гүнзгий ойлголт, арга зүй тааруу байгаа. Тйимээс бизнесийн байгууллагууд маань энэ чиглэлээр хүнээ одооноос бэлдэж байвал байгууллагынхаа цаашдын хөгжилд хийж буй чухал хөрөнгө оруулалт болно.

Олон байгууллагууд бизнесийн үйл ажиллагааны чиглэлээр зөвлөх үйлчилгээ авсан боловч хэдэн цаас, тайлантай л хоцорсон гэх гомдол нийтлэг байдаг. Ийм байдалд очихгүйн яах ёстой вэ, бодит үр дүн хэдийд гарах вэ?

Уг нь бол бизнесийн зөвлөх үйлчилгээнүүд нь чухал ач холбогдолтой, бүгд л тодорхой сайжруулалтуудыг хийх арга замыг хэлж, зурж өгдөг. Энэ нь, барилга бариулах гэж байгаа хүн архитектур, дизайны зургаа гаргуулаад түүнийхээ дагуу бүтээн босголтоо хийдэгтэй ижил зүйл. Гол ялгаа нь, үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх гэхээр түүнийг нь хэрэгжүүлэх хэрэгсэл, мэдээллийн системийн орчин, архитектур, програм хангамж нь байдаггүй. Иймээс өмнө өгүүлсэн арга зүй дээр суурилж, мэдээллийн системийн ямар дэд бүтэц, платформ манай байгууллага дээр  хэрэгтэй юм бэ гэдгээ тодорхойлох нь чухал. Дэлхийн тэргүүлэх ERP системүүд эдгээр хүндрэлүүдийг шийдэх боломжийг олгодог учраас нэр хүнд өндөр байдаг бөгөөд зардал өндөр боловч SAP, Oracle ERP системийг хэрэгжүүлдэг. Ингэснээр байгууллагын үйл ажиллагаанд зарчмын өөрчлөлт, сайжруулалтууд хэрэгжиж эхэлдэг. Мөн, Change management буюу өөрчлөлтийн удирдлагыг хэрэгжүүлж, байгууллагын соёл, үйл ажиллагаа, ажилтнуудын сэтгэл зүй, хандлагыг процессын хандлагатай болгох нь амжилттай ERP хэрэгжүүлэх үндэс болно. 

Гэхдээ байгууллага бүр SAP, Oracle нэвтрүүлээд байж чадахгүй нь ойлгомжтой. Манай дотоодын ERP системүүд болон танай зүгээс танилцуулах системийн талаараа товч танилцуулаач.  

Монголын зах зээлд Oracle, SAP, Microsoft компаниуд хэдийнэ ороод ирсэн. Бүтээгдэхүүн үйлчилгээгээ санал болгож байгаа л даа. Мобиком компаниSAP нэвтрүүлж байгаа анхны харилцагч гээд танилцуулга хийгдэж байсан. Өсөн тэлж байгаа эдийн засаг, өсөлтийн үеийн компаниудтай ажиллах сонирхол хэн бүхэнд бий. Мөн дотоодын зах зээл дээр эдгээртэй өрсөлдөх систем байхгүй байна гэдэг тайлбар уул уурхай, үйлдвэрлэл, үйлчилгээний гэх мэт салбарын томоохон компаниудаас байнга сонсогдох боллоо. ERP системийг нэвтрүүлэх, үр шимийг нь хүртэхэд байгууллагын бодлого стратеги, үйл ажиллагаа процесс дээр суурилсан, түүнийгээ ягштал баримталдаг байх зэрэг шаардлага хурцаар тавигдана. Гадны системүүд энэ л зарчмын дагуу ажиллахыг шаардана. Манай бизнесийн эрх зүйн орчин, бизнесийн байгууллагын хөгжил, бизнесийн дотоод гадаад харилцаа зэргээс хамаараад системийн өөрчлөлт, нэмэлт шаардлага, бусад системүүдтэйгээ холбон ажиллуулах асуудлууд (customization) ихээр гардаг. Энэ бүхнийг Oracle, SAP системдээ тусгаад, манай байгууллагуудад зориулсан модуль хийж өгөөд байхгүй л дээ. Мөн хэлний асуудал, системийн дэмжлэг үйлчилгээ, төлбөрийн асуудал ч нэмэгдэнэ. Тиймээс Интерактив компаний зүгээс Veritech ERP гэсэн сүүлийн жилүүдийн судалгаа, орчин үеийн технологиуд дээр суурилсан, процессын удирдлага бүхий цоо шинэ систем, мөн компаний зүгээс хамтын ажиллагаа хөгжүүлэх боломжуудаа зах зээлд танилцуулах гэж байна.

Сайхан мэдээ байна,  Veritech ERP систем дээрх хүндрэлүүдийг шийдэх боломжийг манай бизнесийн байгууллагуудад бий болгох уу?

Интерактив компани нь Enterprise мэдээллийн систем хөгжүүлдэг арга зүй, бизнес процессын анализ ба ре-инженеринг, төслийн менежмент, олон улсын чанарын удирдлагын ISO9001:2008 стандарт, Enterprise architecture болон салбарын домайн мэдлэгүүд дээрээ суурилан дээрх хүндрэлийг арилгах арга зам, бизнес процессын анализ, байгууллагын өөрчлөлтийн болон төслийн төлөвлөгөө, замын зургаа (Roadmap) Захиалагч байгууллагатай хамтран хийх бөгөөд ERP төслийн хэрэгжилтийг дэмжих платформыг байгууллагад эхлээд хэрэгжүүлнэ. Энэхүү платформ дээр суурилан хөгжүүлсэн Veritech ERP систем нь бизнес процессын дагуу ажилладаг, ERP 3.0 концепц бүхий (дотоод болон гадаад бизнес процессын интеграци, Mobile, SOA, BPM, Workflow, MDM, Big Data, Business Intelligence, Social) шийдэл бөгөөд бизнесийн байгууллагуудад тулгарч буй өнөөгийн хүндрэлүүдийг шийдэхэд чиглэсэн, 100% вебд суурилсан, орчин үеийн бизнесийн удирдлагын ERP програм хангамж юм. Тиймээс бизнесийн зөвлөх үйлчилгээ болон түүний хэрэгжилтийг хангах боломж хамтдаа нээгдэнэ гэж ойлгож болно. Мэдээж эхний систем учраас шууд л гадны нэр хүндтэй бусад системүүдтэй өрсөлдөх боломжгүй л дэ. Гэхдээ бизнесийн байгууллагуудад хөгжлийн суурь, үндсэн платформыг зөв гольдролд нь оруулах ажлыг хийнэ гэж харж байгаа.

Системийн давуу талууд юу вэ, бодитой жишээн дээр тайлбар хийж өгөөч ?

Томоохон байгууллагуудын хувьд ERP нэвтрүүлэх нь ямар нэг бүртгэлийн програм хангамж суулгаж өгөөд орхихоос огт өөр ойлголт. Veritech ERP нь хэд хэдэн давуу талуудтай. Үүнд:

  • Онлайн систем. Байгууллагын хэрэглэгч, компьютер бүрт ямар нэгэн програм хангамж суулгахгүй гэсэн үг. Энэ нь цаашдаа хэрэглэгчийн тооноос хамаарсан зардлыг бууруулах боломжийг олгоно.

  • Бүтэц Систем нь Санхүү, нягтлан бодох бүртгэл, хүний нөөц (капитал), Цалин, цаг бүртгэл, CRM, Агуулах, Борлуулалт,  Төслийн удирдлага зэрэг системүүдтэй.

  • Бизнес процесс дээр суурилсан. Системд хатуу суулгасан процесс, дүрэм байхгүй. Системийн гадна  тухайн байгууллагын тодорхойлсон ажлын урсгал, бизнес процессын дагуу ажиллана. 

  • Бүртгэлийн агуулгыг хэрэглэгч баяжуулах боломж. Ажилтны анкет, бараа бүтээгдэхүүн, хөрөнгө, харилцагч, данс г.м бүх төрлийн бүртгэлийн агуулгыг аналитик мэдээллээр баяжуулах, ингэснээр бизнесийн өгөгдлөө олон талаас нь харах боломж

  • Master Data Management. Бүртгэлийн системүүд нь төрөл бүрийн баримт, гүйлгээ, үйл явцуудыг бүртгэн хөтөлж байдаг. Үүнийг хэл зүйн салбартай харьцуулж тайлбарлавал, эдгээр бүртгэл нь өгүүлбэр дэх Үйл үгнүүд бол Харилцагч, Данс, Хөрөнгө, Бараа, Ажилтан нь өгүүлбэр дэх Нэр үг (Зохиолын баатрууд) гэж үзэж болно. Нэр үгнүүд нь зохиолын бүлэг бүрт нэг утгаараа байхгүй бол тухайн зохиолын утга ойлгогдохоо болино. Байгууллагын хувьд мөн адил, эдгээр “Зохиолын баатрууд” нь нэгдмэл удирдлагаар хангагдахгүй бол бизнесийн тайлан тооцоо, анализ шинжилгээ, шийдвэр гаргалт маань будлиантаж эхэлнэ. Иймээс Veritech ERP системээр аливаа мэдээлэл нэг эх үүсвэртэй байх зарчмыг хэрэгжүүлэх боломжтой болох бөгөөд томоохон ERP системүүдийн ашигладаг Master Data Management шийдлийг тусгаж өгсөн.

  • Бизнес аналитик. Системийн нэг бүрэлдэхүүн хэсэг болох Business Intelligence системээр байгууллага дурын тайлан, статистик, аналитик шинжилгээг өөрсдөө хийж болох бөгөөд системийн өгөгдлүүд дээр өөрсдийн нэмж баяжуулсан аналитик кодуудыг боловсруулалтандаа ашиглах боломж нээгдэж байна. Үр дүнгээ KPI, Dashboard байдлаар, компьютер дээрээ, гар утас, таблет дээрээ, хэдийд ч , хаанаас ч ашиглах болно.  

  • Мобайл. Системийн бүх модулиуд Мобайл модультай бөгөөд ажлын урсгал, сануулга, мэдээлэл, зөвшөөрөл, бүртгэлийг гар утсан дээрээ хүлээж авах, зөвшөөрөх, батлах боломжийг бүрдүүлнэ.

  • Social. Системд хийгдэж байгаа бүх бүртгэл, баримт гүйлгээнд байгууллагын албан тушаалтнууд сэтгэгдэл үлдээх, тодорхой баримт дээр харилцан ярилцах, асуулт хариулт тавих, нийтлэх боломж бүрдэж байна. Цаашид харилцагч, худалдан авагчид байгууллагын албан тушаалтнуудтай харилцах, мэдээлэл авах боломж бүрдэнэ. Харилцагчидтай тооцоо нийлдэг байгууллагуудын хувьд тооцоогоо онлайнаар нийлэх, борлуулалт үлдэгдлийн мэдээллээ email ашиглан автоматаар, хэдийд ч авч болдог болох жишээтэй.

  • Бусад системтэй холбогдох боломж өндөр. Байгууллагын дотоодод үйл ажиллагаагаа хөнгөвчлөх болон үндсэн үйл ажиллагааны г.м олон системүүд ажиллаж байдаг. Veritech ERP системийн платформ нь эдгээр системүүдтэй хялбархан холбогдож ажиллах бөгөөд гадны байгууллагуудын системтэй ч төвөггүй холбогдох боломжийг олгоно. Санхүүгийн модулийг Монгол Шуудан компани нэвтрүүлсэн бөгөөд тус байгууллагын хэвлэл захиалгын маш олон орлогыг банктай холбогдон, системд автоматаар нэгтгэснээр нягтлан бодогч одоо бусад ажилд цагаа зарцуулах боломжтой болсон нь нэг жишээ юм.

  • Тайлангийн онлайн нэгтгэл Олон салбар нэгж, охин компанитай групп компаниудын хувьд үйл ажиллагааны явц болон санхүүгийн мэдээ, тайлангаа нэгтгэх нь ихээхэн төвөгтэй, гар ажиллагаа шаардсан ажил байдаг. Нэгтгэлийн систем нь MDM системтэй хамтран ажиллаж, групп компаниудын энэхүү нэгтгэлийг хялбархан хийх, онлайн шийдэл юм. Энэ мэтчлэн дурдаад байвал олон давуу талуудыг дурдаж болно.

Бизнесийн байгууллагуудад тулгарч байгаа асуудлууд, тэдгээрийн шийдлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн танд баярлалаа. Системийг танилцуулах арга хэмжээнийхээ талаар уншигчдад мэдээлэл өгөөд ярилцлагаа өндөрлөх үү.

Орчин үеийн бизнесийн удирдлагын онлайн ERP шийдэл болох Veritech ERP системийг зах зээл, олон нийтэд танилцуулах арга хэмжээ 2013.12.03 өдөр Туушин зочид буудлын Соёмбо танхимд 9:00 цагаас болно. Танай байгуулагад дээрх асуудлууд тулгарч байгаа бол хүрэлцэн ирж, мэдээлэл авч, санал бодлоо солилцохыг урья.

Нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл www.interactive.mnwww.veritech.mn сайт болон info@veritech.mn хаягаар email илгээж болно. Арга хэмжээний талаарх мэдээллийг 88101565 утсаар мөн авч болно.  

Ярилцсанд баярлалаа, танд амжилт хүсье.